Зураг

“Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна. 

 

Засгийн газраас баталсан “Ноолуур” хөтөлбөр нь ноолуурын боловсруулалтын түвшинг дээшлүүлэн, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, экспортыг нэмэгдүүлэхэд чиглэгдэж байна. Уг хөтөлбөрийн хүрээнд үндэсний үйлдвэрүүдэд хөнгөлөлттэй зээл олгох, технологийн шинэчлэл хийхэд хөрөнгө оруулалтын болон лизингээр дэмжих юм. 
Энэ чиглэлээр ХХААХҮЯ, Хөгжлийн банк хамтран Ноолуур хөгжлийн сан байгуулан ажиллаж байна.

Уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Хөдөө аж ахуйн бирж голлох үүргэтэй ажиллах бөгөөд хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийг БНХАУ болон бусад орны эцсийн хэрэглэгчдэд шууд нийлүүлэх зорилгоор “Бохай” биржтэй хамтран хил дамнасан арилжааг зохион байгуулах ажлыг эхлүүлж байна.

Хил дамнасан арилжаа /Board cross trading/ буюу хоёр улсын биржийн хамтарсан арилжаа нь цахим горимд явагдах бөгөөд эхний ээлжинд ноолуур арилжихаар төлөвлөж байна.

Дэлхийн ноолуурын зах зээлийн түүхий эдийг гол бэлтгэн нийлүүлэгч нь Монгол, БНХАУ, Энэтхэг, Иран, Афганистан, ОХУ зэрэг улсууд байдаг бөгөөд манай улсын хувьд 40 орчим хувийг бэлтгэн нийлүүлдэг. Ноолуурын түүхий эдийн үндсэн шинж чанараараа Монгол, БНХАУ-ын ноолуур хамгийн сайнд тооцогддог байна.

“Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2017 онд 163 удаагийн спот, 1 удаагийн форвард гэрээний арилжаа зохион байгуулж, 6,955.7 тонн ноолуур, 10,887.6 тонн хонины ноос, 355.5 тонн тэмээний ноос, 1,674.1 тонн ямааны завод ноос, 1,206.7 тонн хонины завод ноос тус тус арилжсан байна.