Зураг

“ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ” ТӨХХК нь нийгмийн хариуцлагынхаа хүрээнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа.

Монголын “ХӨДӨӨ АЖ АХУЙН БИРЖ”  ТӨХХК – ийн нийт ажилчин албан хаагчид нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Монголын хүүхэд, багачууд, гэр бүлийн сайн сайхны тулд ядуурлыг бууруулах болон хувь нэмрээ оруулах зорилгоор 2019 оны 11 дүгээр сар 14-нд Асрал төв ТББ-ын Өрхийн амьжиргааг нэмэгдүүлэх чиглэлээр өрх толгойлсон, олон хүүхэдтэй эмэгтэйчүүдийг оёдол, эсгий урлалын Made in Mongolia-MIM буюу “Эсгий гар урлал”-ын хөтөлбөрийг дэмжин 100 кг угаасан ноос хандивлалаа. Мөн  Асрал төвийн үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ. МIM төслийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлээс олсон ашиг нь зорилтот бүлгийн өрхийн хүүхдүүдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд зориулагддаг онцлогтой.

Энэхүү төсөл нь өдгөө дээд зэргийн чанартай эсгий урлалын бүтээгдэхүүнийг дэлхийн олон оронд экспортод гаргаж байгаа бөгөөд монгол улсад өндөр чанартай эсгий үйлдвэрлэдэг гэдэг ойлголтыг гадаад дотоодын худалдан авагчдад төрүүлж чадсан.  “Эсгий гар урлал”-ын MIM хөтөлбөрийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 500 гаруй эмэгтэйчүүдийг хамруулсан эсгий, гар урлалын сургалтыг Улаанбаатар хот болон Дундговь аймгийн Өндөршил суманд явуулсан байна. Өнөөгийн байдлаар 8 хүнийг тогтмол ажлын байраар хангаж, өөрийн бүтээгдэхүүнээ Европын орнууд болон АНУ уруу экспортод гаргадаг. МIМ буюу ”Монголд үйлдвэрлэв” гэсэн эсгий бүтээгдэхүүний брэндийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.madeinmongolia.net  цахим хуудаснаас авах боломжтой.