Зураг

Адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна

Эх сурвалж: ХХААХҮЯам


Засгийн газрын 2019 оны 191 дүгээр тогтоолын 2 дахь заалтын дагуу “Боловсруулаагүй хуримтлагдсан, стандартад нийцсэн адууны шир, дэл, сүүлийг дотоодын боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх” арга хэмжээг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас зохион байгуулж байна. Энэхүү ажлын хүрээнд “Мон торгон дэл” ХХК адууны дэл, сүүлийг авч угааж, самнаж, боловсруулан урт богино, өнгөөр нь, ангилан ялгаж, багцалж  савлан экспортод ийнхүү гаргахаар ажиллаж байна. Монгол адууны дэл сүүл, сарлагийн саваг нь дэлхийд чанараараа дээгүүрт ордог түүхий эд юм. Энэхүү бэлтгэсэн дэл сүүл, сарлагийн савагаар гал усны хамгаалалтын хувцас, хөгжмийн чавхдас, уран зураг болон гоо сайхны бийр, сормуус, парик, даавуу гэх олон төрлийг бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг байна. ”Мон торгон дэл” ХХК дотоодод 70 гаруй ажлын байрыг бий болгож, өдөрт  400-500 кг адууны дэл сүүлийг боловсруулж байна.

Энэхүү үйлдвэрийн үйл ажиллагаатай ХХААХҮЯ-ны ХөҮБХЗГ-ын Арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн асуудал хариуцсан мэргэжилтэн Ш.Цэнд-Аюуш, Хөдөө аж ахуйн биржийн Арилжааны хэлтсийн захирал Д.Оюун-Эрдэнэ, мэргэжилтэн Р.Алтай, Төлбөр тооцоо, ложистикийн хэлтсийн мэргэжилтэн Б.Энхжин, Монголын арьс ширний үйлдвэрлэлийн холбооны гүйцэтгэх захирал Т.Баярсайхан, арьс ширний боловсруулах үйлдвэрийн төлөөлөл газар дээр нь ажиллалаа.

 

“Их зам транс” ХХК-ны агуулахад хадгалагдаж буй адууны ширний бэлтгэлийн явцтай танилцахад эсгэлт, гэмтэлтэй байв. Иймээс цаашид гэмтэлтэй адууны ширээр хийх боломжтой желатин бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг судлах, нэвтрүүлэх, малыг стандартын дагуу мах боловсруулах үйлдвэрүүдэд төхөөрөн гэмтэлгүй түүхий эдийг бэлтгэх бодлого хэрэгжүүлэх зүйтэй гэж үзлээ.