Зураг

“Ноолуур” хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд зөвлөлдөв

Эх сурвалж: ХХААХҮЯам
"Ноолуур" хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талуудын зөвлөлдөх уулзалт  (2019.01.24) НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн суурин төлөөлөгчийн газар боллоо.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 47 дугаар тогтоолоор батлагдсан "Ноолуур" хөтөлбөр нь ноолуурын бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, байгаль орчинд ээлтэй эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлж, ноолууран бүтээгдэхүүний олон улсад өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зорилготой. Эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч аж ахуйн нэгжид татвар, санхүүгийн оновчтой дэмжлэг үзүүлснээр түүхий эдийн бүрэн боловсруулалтын түвшинг 60 хувьд хүргэж, ээрмэл утас үйлдвэрлэлийг 3-3,5 дахин өсгөх, ажлын байр тогтвортой хадгалах, 3600 гаруй ажлын байр шинээр бий болох, эцсийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, экспортыг 2-3 дахин нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна.

Хөтөлбөрийн зорилго, зорилтуудыг биелүүлэхэд оролцогч талуудын хамтын ажиллагаа чухал ач холбогдолтой. Энэ ч үүднээс уг зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулж, "Ноолуур" хөтөлбөрийн хүрээнд 2018 онд хийсэн ажлын тайлан, 2019 оны төлөвлөгөө, хүрэх үр дүнгийн талаар хэлэлцлээ. Уулзалтад "Ноолуур" хөтөлбөрийн үйл ажиллагаанд оролцогч талууд болох Монгол Улсын Засгийн газрын яамд, хэрэгжүүлэгч байгуулагч, мэргэжлийн холбоод, боловсролын байгууллага, олон улсын төсөл, хувийн хэвшлүүдийн төлөөлөл оролцсон юм.   

Хөтөлбөрийн хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Хөгжлийн банктай хийсэн гэрээний дагуу 2018 онд тус банкны санхүүжилтээр ноолуурын 20 үйлдвэрт 188.2 тэрбум төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар олгоод байна. Зээлд хамрагдсан дээрх үйлдвэрүүдийн ноолуур бэлтгэлийн хэмжээ өмнөх онтой харьцуулахад түүхий ноолуур 584.2 тонн (1.3 дахин), самнасан ноолуур 124.9 тонн (1.6 дахин)-оор өссөн байна. Мөн самнах үйлдвэрлэлийн хүчин чадал 33.8 хувь, ээрэх үйлдвэрлэлийнх 28.6 хувь, сүлжих үйлдвэрлэлийнх 42.7 хувиар өсөж, 1544 ажлын байр шинээр нэмэгдсэн гэдгийг уулзалтын үеэр мэдээлэв.

2018 оны нийт экспортын хэмжээг өмнөх онтой харьцуулахад 18,2 хувиар өсөж, боловсруулалтын түвшингээр задалвал угаасан ноолуур 2.3 хувиар буурч, самнасан ноолуур 8.45 хувь, ээрмэл утас 140 хувь (3 дахин), бэлэн бүтээгдэхүүн 8.5 хувиар тус тус өссөн байна.

Уулзалтын үр дүнд оролцогч талууд нэгдсэн ойлголтод хүрч, цаашид хамтын ажиллагаа уялдуулах боломж бүрдлээ.