Зураг

Төв аймгийн Сүмбэр сумын малчид хамтран 125 тонн малын тэжээл хураан авлаа

Төв аймгийн Сүмбэр, Борнуур сумд бол Монгол Улсын Засгийн газраас тогтоосон газар тариалангийн бүс нутаг. Уг бүс нутагт газар тариаланг түшиглэсэн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлэх зорилгоор малын ногоон тэжээл тариалж байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн. Өмнөх мэдээг энд дарж уншина уу. 

Эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх урьдач, суурь нөхцөл нь малын тэжээл. Энэ ч утгаараа Сүмбэр сумын 40 га-д, Борнуур сумын 2 га талбайд малын ногоон тэжээл тариалах ажлыг Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл санхүүжүүлж, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв гардан гүйцэтгэж байна. Тус төвийн зүгээс малын ногоон тэжээл тариалах сайн чанарын үрээр хангасан бөгөөд Сүмбэр сумын 40 га талбайд тариалах ногоон тэжээлийн тухайд, 1 га талбайн 50 хувьд улаанбуудай, 38 хувьд обьёос, 12 хувьд арвай тариалсан юм.

Ийнхүү Төв аймгийн Сүмбэр сумын 60 гаруй малчин бэлчээр ашиглах зургаан хэсэгт хуваагдан, багийн зохион байгуулалтад орж ажилласны үр дүнд намар 100 тонн буюу ойролцоогоор 12 мянган боодол тэжээл хураан авахыг зорьж байсан бол зорилтоо давуулан биелүүлж, 15 тонн арвай, 40 тонн овъёос, 70 тонн улаан буудай нийт 125 тонн тэжээл хураан аваад байгаа сайхан мэдээтэй байна. Борнуур сумын 2 га талбайд жил бүр өөрөө ургаж, нөхөн төлждөг, хөрсийг сэргээдэг, уургийн хаан гэгддэг малын хүчит тэжээл болох олон наст царгас хэмээх ургамлыг амжилттай тарьж ургуулжээ.

Малчид хамтран малын тэжээл тариалж байгаа нь бэлчээр нутгаа хайрлан хамгаалах, нөгөөтэйгүүр малын ашиг шимээ сайжруулах зорилготой бөгөөд бэлчээрийн даацыг зохистой хэмжээнд хүргэх, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэхээр авч хэрэгжүүлж буй нэгэн жишиг болж байна.

Төслийн хугацаанд Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлд шинжлэх ухааны ололтыг нэвтрүүлэх төв, Швейцарын хөгжлийн агентлагийн "Ногоон алт, малын эрүүл мэнд" төсөл хамтран "Малчдад зориулсан ногоон тэжээл тариалах агротехник" сэдэвт сургалтыг Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнгийн мэргэшсэн багш нартай хамтран зохион байгуулж, малын тэжээл тариалах дадалд сурган, хураах үед технологийн зөвлөмж өгч ажилласан юм.