Зураг

Биржийн зохицуулах зөвлөлийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег сонголоо

Хөдөө аж ахуйн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах чиглэл өгөх, биржийн арилжааны зах зээлд оролцогчдын үйл ажиллагаанд хяналт тавих, зөвлөмж, дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий Биржийн зохицуулах зөвлөлийн хурал өнөөдөр (2018.06.20) боллоо. Уг зөвлөлийн бүрэлдэхүүнийг Засгийн газрын 2016 оны 179 дүгээр тогтоолоор шинэчлэн баталсан бөгөөд төрийн захиргааны төв байгууллагын 6, төрийн бус байгууллагын 7 төлөөлөл багтаж байна. 

        Хурлын эхэнд, Биржийн зохицуулах зөвлөлийн бүрэлдэхүүний 100 хувийн саналаар зөвлөлийн даргаар ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Саулег сонголоо. Тэрбээр, “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулах, биржийг олон улсын жишигт нийцүүлэн сонгодог утгаар нь хөгжүүлэхийн төлөө Зөвлөл ажиллана. Цаашид гурил буудайн үнийг бирж болон зах зээлийн үнэ дээр тогтсон шинэ зөв зарчимд оруулах нь зүйтэй. Түүхий эдийн боловсруулалтыг сайжруулж, эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг дэмжих нь чухал” гэдгийг онцолсон.

Өнөөдрийн хурлаар "Хөдөө аж ахуйн бирж" ХХК-ийн 2017 оны үйл ажиллагааны танилцуулга, 2018 онд  хийх ажлын төлөвлөгөө, Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг эрчимжүүлэх тухай, Биржээр арилжаалах бараа, бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээг нэмэгдүүлэх тухай гэсэн гурван асуудал хэлэлцсэн.

        Эдгээр асуудлыг хэлэлцсэний дараа, Биржээр арилжсан болон экспортод гарсан ХАА-н гаралтай бараа, түүхий эдийн талаарх цахим мэдээллийг Гаалийн ерөнхий газарт тогтмол хүргүүлж байх, биржээр арилжих барааны нэр төрлийг нэмэгдүүлж, арьс ширний туршилтын арилжаа хийх, хүнсний буудай, тосны ургамал, мал арилжих ажлыг зохион байгуулах зэрэг хэдэн хэдэн чиглэлийг Хөдөө аж ахуйн биржид өглөө.  

Дашрамд дурдахад, “Хөдөө аж ахуйн бирж” ХХК нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас өнөөг хүртэлх хугацаанд нийт 834 удаагийн арилжаа зохион байгуулж, арилжааны үнийн дүн 2.8 их наяд төгрөгт хүрээд байна. Хөдөө аж ахуйн бараа түүхий эдийн бэлтгэл болон арилжааг зах зээлийн нэгдсэн зохион байгуулалтад оруулах үйл ажиллагаа нь биржийн систем юм. Бирж нь зах зээлд үнэ, чанар болон эрэлт, нийлүүлэлтийн бодит тэнцвэр буюу үнэ шударга тогтох зарчим, үнийн эрсдэлийн удирдлага, бүтээгдэхүүний хөрвөх чадварыг бий болгодог.